УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хамгийн эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс ойн талаар баримтлах бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Үүний дараагаар мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж 65.2 хувиар баталлаа.
Санал хураахаас өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эцсийн хэлэлцүүлгээрээ тус хуулийг тодорхой болгосон уу. Өмнө нь хэтэрхий ерөнхий орж ирсэн” гэсэн асуултыг асуув.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хариулахдаа “Хуулийг тодорхой болгож цэгцэлсэн” гэв.
Чуулганы хуралдаанаар мөн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж 67.3 хувийн саналаар баталлаа. Ингэснээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг өнөөдрийн чуулганаар эцэслэн баталж байна.
Т.Энхэлээ