
Энэ долоо хоногоос Төрийн ордон болон МАН-ын төв байранд улс төрийн уур амьсгал ширүүсэх нь тодорхой болж байна. Хоёр хуваагдаад хоёр ч жилийг ардаа орхиж байгаа УИХ дахь намын бүлгийнхнийхээ учрыг олох гэж Н.Учрал дарга сүүлийн үед нэлээд хэдэн уулзалт хийж байгаа. Эдгээр уулзалтын үр дүнд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тухай яриа газар аваад байна.
Тухайлбал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарыг сайдаас чөлөөлж, оронд нь намынхаа 30-ын бүлгээс хүмүүс томилохоор ярьж байгаа гэх.
Бас нэгэн анхаарал татсан сэлгэн томилгоо хүчтэй яригдаж байгаа нь Эдийн засаг, хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэнг томилж, Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайд болгох хувилбар юм.

Эвлэрүүлэх, эвлэрэхийн зааг дээр Н.Учрал даргыг ийм шахалтад оруулж байгаа бололтой. Гэхдээ Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд зөв өрөлт хийхгүй бол эргээд бүр ч илүү эвдрэлцэх нөхцөл байдал үүсээд байгаа нь гарцаагүй үнэн. Учрыг тайлбарлавал,
Эдийн засаг, хөгжлийн яам бол өмнөх сайд Ч.Хүрэлбаатарын бүрдүүлсэн баг. Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү гээд л сайд асан Хүрэлбаатарын “хөтөлж ирсэн” төрийн албан хаагчид. Газрын дарга, мэргэжилтнүүд нь мөн л Ч.Хүрэлбаатар сайдын хүмүүс. Нэг ёсондоо, энэ яамыг Б.Чойжилсүрэн хариуцахаар ирлээ гэхэд өөрийн хүнээ түшиглэн ажиллах бүрэлдэхүүн Эдийн засаг, хөгжлийн яаманд лав байхгүй гэсэн үг.
Эвлэрлийн хамгийн тод жишээ нь МАН-д Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн гэдэг хоёр эрхэм гэдгийг өнгөрсөн хэдэн жил бэлхнээ харуулсан. Тэгэхээр Эдийн засаг, хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэнг авчрах бодол бол хамгийн буруу шийдвэр.

Хоёрдугаарт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын оронд УИХ-ын гишүүн М.Мандхайг томилох тухай яриа хүчтэй гарч ирсэн. Энэ бол мөн л салбарынхан хүлээж авахааргүй санал. 30-ын бүлгийнхэн зүтгүүлж болгодог юм аа гэхэд хөдөө аж ахуйн салбар хүлээж авахааргүй, дэмжихээргүй томилгоо болно. Учир нь М.Мандхай гишүүн сонсгол нэртэй холион бантан зуурч, хөдөө аж ахуйн салбарынхныг самарсан түүх нь ердөө саяхных.
Энэ хоёрхон жишээнээс харахад л Учрал дарга эвийг эрхэмлэж байгаа бол Засгийн газартаа салхи оруулахдаа тухайн салбарынхан нь хүлээж авах хүнийг ядаж сонгох хэрэгтэй.
Т.Золзаяа


















































