Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан өнөөдөр 12 цагаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулахаар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд захирамж гаргаад байгаа.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог юм.
Нарендра Моди яг одоо Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлж байна. Түүний хэлсэн үгийг хэдэн хормын дараа бүрэн эхээр нь хүргэх болно.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийхийн зэрэгцээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхах юм байна.
Г.Үжин