Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Засаг дарга нарын семинарыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулах гэж байна.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Орон нутагт үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэхээр энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн зарим ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар мэдээлэл хийж, “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох” тухай Засгийн газрын тогтоолын төслийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Мөн орон нутагт чиглэсэн болон тэнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зорьжээ. Хуралдааны төгсгөлд аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын өнгөрсөн оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар гарсан Засгийн газрын шийдвэрийг танилцуулж шалгарсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.