УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх гол асуудлуудыг хэлэлцсэн байна. Тус бүлэг төрөөс тэтгэврийн шинэчлэлд баримтлах бодлогыг хэлэлцээд МАН-ын зарим саналыг тусгаагүй байна гэж үзжээ. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг төрөөс тэтгэврийн шинэчлэлд баримтлах бодлогод оруулаагүй байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, арилжааны банкуудтай тохиролцож тэтгэврийн хүүг бууруулах бололцоотой. Ганц тэтгэврийн зээлийн гэлтгүй эдийн засгийн хүнд үед цалин, орон сууцны зээлийн хүүг бууруулах боломж бий" гэлээ.
Мөн Гацууртын ордын хувийг тогтоох асуудлыг энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж тус бүлэг үзжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ярихдаа "Гацууртын ордыг 100 хувь хувийн өмчлөлд байлгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг манай намын зүгээс гаргасан. Гэтэл гэнэт өнгөрсөн Баасан гарагийн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцэж 34 хувийг төр эзэмшиг санал оруулж ирж байна. Гацууртын ордын хувийн асуудлаар салбарын сайдаас мэдээлэл авах нь зүйтэй. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх боломжгүй" гэв.
Мөн тэрбээр УИХ нь уул уурхайн том төслүүд дээр харилцан адилгүй хандаж байна. Нэгийг нь уяж, заримыг нь ямар ч хараа хяналтгүй хэлэлцүүлж байна. Орд бүр дээр хувийн байр сууринаас хандаж байна гэв.
Т.Энхэлээ