УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан хуваарь ёсоор 09.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг хойшлуулах санал гаргав. Тэдний саналыг тус байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тус бүлгийн хувьд Гацууртын ордын хувийг тогтоох асуудлыг энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ярихдаа "Гацууртын ордыг 100 хувь хувийн өмчлөлд байлгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг манай намын зүгээс гаргасан. Гэтэл гэнэт өнгөрсөн Баасан гарагийн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцэж 34 хувийг төр эзэмшиг санал оруулж ирж байна. Гацууртын ордын хувийн асуудлаар салбарын сайдаас мэдээлэл авах нь зүйтэй. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх боломжгүй" гэлээ.
Ингэснээр уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж байна.
Т.Энхэлээ