Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
Амгалан дулааны цахилгаан станцад 106 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд барилгын ажлын явц 92 хувьтай явж байгаа аж. Наймдугаар сарын 15-нд барилгын ажил дуусч, туршилтын үйл ажиллагаа эхлэх юм байна.
Тус станцыг БНХАУ-ын компани барьж байгаа аж. Гэрээнд зааснаар турших үйл ажиллагаанд холбох зардлыг Монголын тал даана гэж тусгасан байна. Тиймээс Хөгжлийн банкнаас дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилт оруулах шийдвэр гаргажээ. Тус хөрөнгийг 2015 оны Төсвийн хуульд тодотгол оруулах замаар төлөхийг Сангийн сайдад үүрэг болгосон байна. 348 МВ-ын хүчин чадалтай тус станц ирэх аравдугаар сард дулаанаа өгч эхлэх бөгөөд Улаанбаатар хотын зүүн дөрвөн замаас зүүн тийш бүх барилга байгууламжийг дулаанаар хангах юм байна.
4500 айлын орон сууцыг БНХАУ-ын санхүүжилтээр барина
БНХАУ-ын даргыг айлчлах үеэр Монгол Улсын ТОСК, БНХАУ-ын банктай VII хорооллын Г1, Г2 хорооллыг барих төсвийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Тус хорооллыг барих санхүүжилтийн ажил 85 хувь буюу 188 сая долларыг Хятад Улсын банкнаас авах ёстой аж. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус 188 сая долларыг Хятад улсаас авч ТОСК-т зээлдүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ. Үлдсэн 15 хувийг ТОСК санхүүжүүлэх аж. Тус хороолол Ногоон нуур, Зуун айл орчимд баригдах бөгөөд 4500 айл амьдрах 31 барилга байгууламжаас бүрдэх юм байна.
Т.Энхэлээ