УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт "Шинэ Яармаг" төслийн үйл ажиллагаатай танилцсан. Уг төслийн хүрээнд 3000 орчим өрх орчин үеийн шинэ орон сууцанд амьдрах боломжтой болох юм.
Төслийн талаар АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа доорх мэдээллийг бидэнд өглөө.
Тэрбээр энэ талаар "Шинэ яармаг” төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн нэг. Улаанбаатар хотын анхны цогцолбор хороолол гэж ойлгож болно. Энэ төсөл гурван хэсгээс бүрдэж байгаа. Спортын талбай, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол бүхий цогцоор шийдсэн байна. Мөн 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болон олон улсын жишигт хүрсэн эмчилгээ оношилгооны төв, худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, тэнд амьдарч байгаа иргэд заавал хотын төв рүү ирж хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхгүй тэндээ ажлаа хийгээд, хүүхдээ сургаад явах боломж бүрдэх юм. Манай бүлгийн гишүүд хүн рүү чиглэсэн, тав тухтай орчинд сурч боловсорч, ажиллаж амьдрахын анхдагч суурь болсон орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Цогцолборын зураг төслийг боловсруулахдаа монгол айл өрхүүдийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт хийсэн нь бас нэгэн дэвшил. Монгол уламжлалаа хадгална гэдэг зөв шийдэл болсон. Энэ оны дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж, ирэх оны хоёрдугаар улиралд багтан эхний хэсгийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэж төсөл хэрэгжүүлэгчид бидэнд танилцуулсан. Монголын үндэсний барилга угсралтын компаниудын нийт 2500 гаруй залуус ажиллаж байгаа юм билээ. 100 хувь монгол ажилтнууд бүтээн байгуулалтын ажилд оролцож байна" гэлээ.
Тэрбээр мөн газрын асуудлыг шийдэж чадвал бусад дүүрэгт ч ийм орчин үеийн орон сууцны хорооллыг босгох боломжтой гэсэн юм. "Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэхээр санхүүжилт босгох "Зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулж, Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргаж, ТОСК-иар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байгаа билээ.
Т.Энхэлээ