Чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын гишүүдийн Оюутолгой төслийн явцын талаарх асуулгад хариу өгөхөөр төлөвлөсөн байсан.
Чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд өнөөдрийн хуралдаанд оролцож чадахгүй болсон тул асуулгыг хариуг ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл хойшлуулах хүсэлт ирүүлснийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав.
Ц.Даваасүрэн нарын гишүүд энэ оны тавдугаар сарын 01-нд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Уг асуулгад “Оюутолгой” ХХК үйл ажилгаагаа эхэлснээс хойш хичнээн төгрөгийн борлуулалт хийж, Монгол Улсад хэдэн төгрөгийн татвар төлснийг тодруулахыг хүсчээ. Түүнчлэн Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар Рио тинто компанитай хийж буй хэлцлийн агуулга, үр дүн ямар байгааг асуусан байна. Мөн Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан Оюутолгой компанийн зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар болон Засгийн газар хөрөнгө оруулагчтай “Эвлэрлийн гэрээ” байгуулж, 2 тэрбум ам.долларын хэтрэлтийг цайруулах санал тавьсан эсэхэд хариу өгөхийг хүссэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)