УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжлээ. Санал хураалтад 13 гишүүн оролцсоноос 10 гишүүн дэмжсэн юм.
Ашигт малтмалын хуульд заасан хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртлэх хувийг эзэмшинэ гэсэн заалтын дагуу Монголын Засгийн газар 34 хувь эзэмших саналаа УИХ-ын тогтоолын төсөлд суулгасан. Гэхдээ ногдол ашиг хүртэх хэлбэрээр биш 34 хувиа тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал гаргаад байгаа юм.
Хуралдаанд оролцсон гишүүдээс УИХ-ын гишүүн Г.Уянга “Сэлэнгэ аймгийн Мандал сум цэвдгийн хэсэгт байдаг. Хэрвээ уул уурхай эрхлэх юм бол тархсан цэвдгийн горим өөрчлөгдөнө” гэж эсрэг байр суурьтай байсан бөгөөд түүний асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид “Бид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тогтоосон. Энэ хүрээнд цэвдэгтэй хэсгийг тогтоогоогүй юм билээ. Төрөлжсөн цэвдгийн судалгаа хийгээгүй юм шиг байна лээ. Шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулагч талуудаар судалгааг хийлгэнэ гэж тооцож байгаа” хэмээн тайлбарлалаа. Тэрээр “Энэ төслийн ногдол ашиг 34 хувь эзэмших хувилбараар тооцох тохиолдолд ТЭЗҮ-ээр нь авч үзвэл 38.1 сая ам.доллар гэсэн тооцоо гарч байгаа. Гэхдээ бид энэ хувилбарыг дэмжихгүй. Нөгөө хувилбараар ордоо ашиглах зөв” гэдгийг хэллээ.
Т.Сар