УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүдээс 2014 оны зургадугуур сард УИХ-д өргөн мэдүүлсэн Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, “Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хуулийн төслийн зарим зүйл заалтыг судалсан. Гэхдээ МАН-ын бүлгийн зарим гишүүд болон МХЕГ-ын удирдлагууд ажлын хэсгийн хуралдаанд ирэхгүй байна. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар Хяналтын тухай хуулийг төслийг хэлэлцэх саналтай байна” гэсэн санал гаргав.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ажлын хэсэг хуулийн төсөлтэй холбоотой санал, дүгнэлтээ бүрэн боловсруулаагүй байгаа тул хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэх боломжгүй гэсэн санал илэрхийлсэн.
Байнгын хорооны дарга А.Бакей, “Ажлын хэсэг санал дүгнэлтээ бүрэн боловсруулж, ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зөв. Ажлын хэсгийн гишүүд хуралдаандаа идэвхитэй оролцохыг үүрэг болгож байна” гэлээ. Ийнхүү байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Сэтгэгдэл (1)