УИХ-ын чуулган өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар товлосон билээ.
Чуулганы хуралдаан 9.00 цагаас эхлэх ёстой байсан ч ирц бүрэлдээгүй гэх шалтгаанаар бүтэн цаг хойшилж саяхан эхэллээ.
Хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцсэн ч ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 100 саналаар санал хураалгах шаардлагатай болсон. Ингэснээр УИХ-ын дарга асуудлыг түр хойшлуулж, лхагва гарагт зөвхөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх тусгай чуулганыг зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор өчигдөр УИХ-ын бүх байнгын хороод хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд Завхан, Говь-Алтай аймагт хийсэн ажлын томилолтоо дуусгаад өчигдөр Улаанбаатарт ирсэн. Харин тэрбээр өнөөдөр чуулганд ирээгүй байгаа бөгөөд УИХ-ын дэд дарга М.Энхболд чуулганы хуралдааныг даргалж байна.