Баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалтай танилцаж буй. Тэгвэл энэ дагуу өнөөдөр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, ЭМЯ-ны мэргэжилтэн Т.Амаржаргал, Н.Отгонжаргал нар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос өнөөдрийн байдлаар 257 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 108 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон Ахмадын эмнэлгийн 4, 5, 7, 8 давхарт нэмэлт ор дэлгэсэн. Мөн хүүхдийн II тасгийн өрөө тус бүрт ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллуулж байгаа нь дотоод орчны агаарын бохирдол болон амьсгалын замын халдварт өвчлөлөөс хамгаалах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна. Баярын өдрүүдэд ажиллах, эмч, эмнэлгийн ажилчдын хуваарийг гаргаж, эм тариагаа хангалттай сайн нөөцөлжээ. Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, 11-362539 дугаарын утсаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа аж.
Р.Хишигээ