
Цахим орчин, богино хэмжээний бичлэг, сошиал медиа хэрэглээ давамгайлж буй энэ үед Өмнөд Солонгосын залуусын дунд ном уншихыг загварлаг амьдралын хэв маяг болгон харуулсан “Text-Hip” хэмээх шинэ чиг хандлага эрчимтэй дэлгэрч байна. Энэхүү нэршил нь англи хэлний “Text” буюу бичвэр, “Hip” буюу загварлаг, трэнд гэсэн үгнээс бүтжээ. “Text-Hip” чиг хандлагын хүрээнд залуус ном унших, дуртай эшлэлээ гараар хуулан бичих, номын дэлгүүр, номын санд зочлох зэргийг зөвхөн мэдлэг олж авах үйл ажиллагаа бус, өөрийн сонирхол, үзэл бодол, амьдралын хэв маягаа илэрхийлэх нэг хэлбэр болгон хүлээн авч байгаа нь онцлог байна. Түүнчлэн уншиж буй номынхоо зураг, таалагдсан эшлэлээ сошиал хуудсандаа хуваалцах нь түгээмэл болжээ.
Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 2025 оны үндэсний уншлагын судалгаагаар 19-29 насны залуусын жилийн ном унших үзүүлэлт 75.3 хувь болжээ. Энэ нь 2023 оны судалгаанаас 0.8 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Сонирхолтой нь, тус улсын насанд хүрсэн нийт хүн амын жилийн ном унших үзүүлэлт 38.5 хувь болж, өмнөх судалгаанаас 4.5 нэгж хувиар буурсан байна. Харин 20-иод насныхны үзүүлэлт өссөн нь залуу үеийн унших сонирхол нэмэгдэж байгааг харуулжээ. Мөн 20-иод насныхны цахим ном унших үзүүлэлт 59.4 хувь байгаа нь хэвлэмэл номын 45.1 хувийн үзүүлэлтээс өндөр байна.
Өмнөд Солонгосын залуусын дунд ном унших сонирхол нэмэгдэхэд төр, орон нутгийн байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд ч нөлөөлж байна. Тус улсад 300 гаруй гадаах номын сан, нийтийн уншлагын цэг ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, Сөүл хотын захиргаа Сөүл хотын талбай, Гванхвамүн талбай болон Чонгечон голын эрэг дагуу задгай номын сан байгуулсан байна. Эдгээр газарт номын тавиур, зөөлөн буйдан, амрах хэсэг байрлуулж, иргэдийг байгалийн болон хотын задгай орчинд чөлөөтэй ном унших боломж бүрдүүлжээ.
Сөүл хотын гадаах номын сангийн хөтөлбөр 2022 онд эхэлсэн бөгөөд 2026 онд гурван байршилд ажиллажээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд эдгээр гурван байршилд нийт 1.87 сая хүн зочилсон байна.
Түүнчлэн Сөүл хотын захиргаа “Hipdok Club” нэртэй нийтийн уншлагын клуб ажиллуулж, ном унших явц, сэтгэгдэл, дуртай эшлэлээ бусадтай хуваалцах боломж олгож байна. Тус клуб 10 мянган гишүүнтэй болжээ. Ийнхүү ном уншихыг зөвхөн хичээл, ажилтай холбоотой хэрэгцээ бус, амралт, нийгмийн харилцаа, өөрийгөө илэрхийлэх соёл болгон хөгжүүлж буй нь “Text-Hip” чиг хандлагын гол онцлог юм.
Л.Баяр























































