Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг 2019 оны нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Бүртгэх ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд, ажлын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд 65 хүртэлх насны бэлтгэл офицер, 18-50 хүртэлх насны цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд буюу 50 нас хүртэл цэргийн үүрэгтэнгүүд хамрагдах аж. Цэргийн албаны тухай хуульд зааснаар бүртгүүлэгч нь цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байх, цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх, цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн тус тус заасан байдаг.
Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж “баг, хороо”-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээх юм байна.
Л.Сайнаа