Цаг агаарын төлөвөөр өнөө маргаашдаа баруун болон говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
Энэ сарын 3-нд говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр, 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 6-нд баруун аймгуудын зарим хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 3, 6-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларах аж.
Л.Сайнаа