Монголын уран зохиолын анхны байгууллага болох Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой энэ онд тохиож байна. МЗЭ-ээс ойг угтсан хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулах гэж буйгаа мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Монголын урчуудын эвлэлд “Яруу найрагчдын хөрөг-2019” уран зургийн үзэсгэлэн, 4-ний өдөр Говьсүмбэр аймгийн “Боржигон” театрт “Уран үгсийн чуулган”, 5-ны өдөр “Болор цом-36” наадам, 7-нд “Алтан өд” наадам, “Утгын чимэг“ богино өгүүллэгийн наадмын шалгаруулалт, Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, МЗЭ-ийн 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт тус тус болох аж. Анх 1929 онд үүдээ нээж асан тус эвлэл нь өдгөө 21 аймагт салбар зөвлөлтэй, 1000 гаруй гишүүнтэй юм. Тэдгээрээс Хөдөлмөрийн баатар дөрвөн, Ардын уран зохиолч 14, Төрийн шагналт 44, Соёлын гавьяат зүтгэлтэн 115, Д.Нацагдоржийн шагналт 78, Зохиолчдын эвлэлийн шагналт 360 төрөн гарчээ.
Л.Сайнаа