Яруу найргийн хамгийн том наадам болох “Болор цом-36” наадам өнөөдөр Говьсүмбэр аймгийн Чойр хотноо эхэллээ. 36 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадам Чойр хотын “Боржигон” чуулгад зохиогдож байна.
Энэхүү хүндтэй наадмыг нээж Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Монголын зохиолчдын эвлэлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав нар үг хэлэв.
Энэ удаагийн наадамд нийт 140 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 27 найрагчийн нэрс тодорсон бөгөөд 17 нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан аж. Энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид хүрэлцэн ирсэн байна.
Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн наадмыг "Болор цом"-ын эзэн яруу найрагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн ажлын албанаас дэмжин ажиллаж байгаа юм.
“Болор цом” наадмын шүүгчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь, зохиолч М.Эрдэнэбат, яруу найрагч Р.Батжаргал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал нар ажиллаж байна.