Энэ сарын 6-ны орой 23.00 цагийн орчим иргэн Г-с “Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14-р гудамжны үзүүрт ухаангүй дээшээ харсан байдалтай хүн хэвтэж байна” гэж мэдээлэл иржээ. Иргэний мэдээллийн дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллахад Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай “А” гэгч нь гадны нөлөөтэй нас барсан байсныг тогтоожээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулж ажилласнаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг, “Өгөөж чихэр боов” ХХК-д ажилладаг 28 настай Е нь уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоогдсон байна. Сэжигтэн Е нь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж амь насыг хохироосон болох нь тогтооджээ.