ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард интернет сайтаар Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалж, олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлсэн билээ. Тэгвэл энэ сарын 8-ний өдөр Нидерландын Вант Улсаас гэсэн хаяглалтай олон улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг илрүүлж баривчилсан. Иргэн О нь эрэгтэй, 31 настай, Нийслэл хотод оршин суух хаягтай. Өмнө нь 2018 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгээр буюу мансуурсан зөрчлөөр шийтгэгдэж байсан этгээд бөгөөд мөн түүний тээврийн хэрэгсэл дотроос мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд орох каннабис 0.5 грамм, хэрэглүүрийн хамт эд мөрийн баримтаар хурааж байсан юм.
Г.Алимаа