ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өгсөн мэдээллээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 19-21 насны гурван залуу мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ.
Тодруулбал, энэ сарын 8-ний 20.30 цагт зочид буудал хүмүүс өвс татаж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагыг тус дүүргийн цагдаагийн II хэлтэс хүлээн авч шуурхай шалгахад зочид буудлын 203 тоот өрөөнд гурван залуу мансуурсан байдалтай байсныг илрүүлэн таслан зогсоосон. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд тус дүүргийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай Н, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай Б, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд оршин суух хаягтай 22 настай Х нар мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч тэмдэглэл үйлдэн шинжээч томилох ажиллагааг явуулж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2018 онд хийсэн судалгаа мэдээгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагджээ. Үүнээс 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн иргэдийг насны байдлаар авч үзвэл 82.5 хувь нь 18-35 насны залуучууд аж.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)