Өнгөрсөн есдүгээр сард зохиогдсон Дорнын чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан кино бүтээх санал тавьж, улмаар холбогдох санамж бичгийг байгуулсан юм. Тэгвэл уг кино бүтээх бэлтгэл ажилдаа ОХУ-ын “Ленфильм” кино студи оржээ. Зураг авалт энэ оны зунаас Mонголд эхлүүлэхээр болсон байна. Энэ тухай тус кино үйлдвэрийн дарга Эдуард Пичугин “Бид кино зохиолоо бичсэн.
Харин одоо түүхэн баримт болон бусад туслалцаа үзүүлэхийг Соёлын яамнаас хүсч байна” гэж ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединскийтэй уулзахдаа хэлсэн байна. Хариуд нь кино зохиолын уран сайхны засварыг кино сан хийж, харин түүхэн дүн шинжилгээ, зохиолыг Оросын Цэргийн түүхийн нийгэмлэгт илгээхээ амлажээ. Уг киног Монгол, Хятадын уран бүтээлчидтэй хамтарч бүтээх бөгөөд найруулагчаар нь “Сталинград” киноны зохиолч Сергей Снежкин ажиллах юм байна.
Л.Сайнаа