Монгол Улсын нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, арга, шийдлийг хайхаар “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганыг зохион байгуулах гэж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-аас хамтран энэ сарын 15, 16-нд Улаанбаатар хотод зохион байгуулах уг чуулганд Монгол Улсын нийслэл, 21 аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, дүүрэг, сум, багийн ИТХ, ИНХ, Засаг дарга нарын төлөөлөл, холбогдох албаныхан гээд нийтдээ 260 гаруй хүн оролцох юм байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлдэг, хамтран ажилладаг болон энэ асуудлыг судалдаг, дэмжлэг үзүүлж ажилладаг байгууллагын төлөөлөл чуулганд оролцоно.
Чуулганаар нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн орчныг ярихын зэрэгцээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээтэй танилцаж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах үндсэн асуудлуудыг хэлэлцэнэ. Тиймээс чуулганаас гарах зөвлөмж нь нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болно гэж үзэж байгаа юм.
Чуулганыг зохион байгуулахад УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл дэмжлэг үзүүлж байна.
Р.Хишигжаргал