"Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх" STDP/PG/534 туршилтын төслийн танилцуулах уулзалт боллоо. Уулзалтад Францын Элчин сайдын яам, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөр, салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Туршилтын төслийг Өвөрхангай аймгийн гурван суманд хэрэгжүүлэх бөгөөд нийт 170 мянган малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж, хоёр махны үйлдвэртэй хамтран ажиллах аж. Энэ сараас ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх төслийн явцад малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгон шинэчлэх, мэдээлэл дамжуулах уншигч төхөөрөмжийг ашиглах, малын шилжилт хөдөлгөөнийг онлайнаар хянах зэрэг боломжийг бүрдүүлэх юм байна.
Мөн орон нутагт ажиллаж буй бүртгэлийн мэргэжилтнүүдийг мэдээлэл дамжуулах бар код уншигч төхөөрөмжөөр хангах, мал бүртгэлжүүлэх үйл явцыг сайжруулахаар ажиллаж байгаа гэдгийг хэлж байна.