Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлалаа.
Энэ хүрээнд дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг Засгийн газраас уриалж буй юм.
Харин жилийн хугацаанд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, тайлангаа хагас жил, жилийн эцсийн байдлаар Аж үйлдвэрийн бодлогын зөвлөлд хүргүүлж байхыг сайд нар, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит компани, төсвийн байгууллагын удирдлагуудад даалгажээ.
2017 онд улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 1.2 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж, 1.1 их наяд төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулж, 93.1 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарчээ.
Үүнээс төсвийн 22 ерөнхийлөн захирагч дотоодод үйлдвэрлэсэн 12 төрлийн бараанаас 47 тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ нь нийт худалдан авалтын дөрвөн хувийг эзэлж байгаа нь доогуур үзүүлэлт бөгөөд 2018 онд хэдэн төгрөгийн худалдан авалт хийснийг Сангийн яам нэгтгэн, Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байгаа аж.