Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХБ-ын сайд Х.Баделханд өчигдөр даалгасан. Тэгвэл Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, бохир ус нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж зөвлөмж өгөх, зөрчил арилгатал түр зогсоох, хэвийн ажиллагаанд оруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хурал хуралдлаа.
Хурлаар бохирдуулагч үйлдвэрүүдийн судалгааг танилцуулж эдгээр газруудыг эхний ээлжинд урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгох, усыг дахин ашиглах боломжийг бий болгох шаардлагатай тухай хэлэлцжээ.
Нийслэлийн хэмжээнд гэрээтэй бохирдуулагч 240 үйлдвэр, аж ахуйн газар долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ хүрээнд бохирдуулагч үйлдвэрийн тоонд ордог арьс шир, ноос ноолуур боловсруулах, өлөн боловсруулах, мах махан бүтээгдэхүүн боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах, архи, спирт, пиво ундааны үйлдвэр, машин угаалга зэрэг үйлдвэрүүдтэй танилцаж газар дээр нь үзэхээр боллоо.
Сэтгэгдэл (2)