ТЦА-аас “Оргил делта трейд” ХХК-тай хамтран Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Архангайн салдаг уулзварын замд байрлах байнгын постод Улаанбаатар хотоос баруун чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх, мэдээлэх систем бүхий камерын хяналттай боллоо.
Энэ нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Камержуулах ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд энэ хүрээнд уг байнгын постын дэд бүтцэд тулгуурлан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэлжүүлэх, хянах боломжтой LPR системийн дөрвөн ширхэг, 360 градусаар харах боломжтой нэг, байнгын постын дотор хяналтын гурван камерын системийг хийж гүйцэтгэжээ.
Энэ нь дүрсний нягтрал сайтай бөгөөд өдөр шөнийн цагаар автомашины дугаарыг таних зориулалт бүхий камерын систем аж. Түүнчлэн ТЦА-аас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийг хянах мөн адил камерын хяналтын системийг суурьлуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Б.Лхам