Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг болон ХБНГУ-ын Дойче Делле Академийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” үндэсний форумыг зохион байгууллаа.
Монгол дахь хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын асуудлыг цогцоор нь олон талын оролцогч талуудтай хамтран хэлэлцэж, бэрхшээл боломж, гарц шийдлийг эрэлхийлэх нь уг форумын зорилго аж.
Тус арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “Олон нийт арилжааны сурталчилгааг хүртэл бодит мэдээллээс салгаж чадахгүй үнэн гэж хүлээж авдаг өнөө үед мэдээллийн суурь боловсролын асуудал маш чухал юм. Ийм боловсрол дутмагаас хүүхдүүд нэгнийхээ үгийг бодит гэж хүлээж авдаг, сэтгэлийн дарамтад ордог, доромжлол амсдаг. БСШУСЯ хоёр жилийн өмнө “Цахим гадуурхал цаашаа” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд эцэг эхчүүд багш нар чамгүй мэдлэг, мэдээлэл олж авсан. Уг аяныг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн санал гарч байна. Цахим орчинд хүүхдүүдээ хамгаалах нь төрийн хүүхэд хамгааллын бодлогын чухал асуудлын нэг юм. БСШУСЯ хүүхэд хамгаалал, хүүхдэд мэдээлэл авах мэдлэг олгохтой холбоотой аливаа санал санаачилгад нээлттэй байж, дэмжих болно” гэлээ.
Үндэсний форумд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг олгож, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллага, нийгмийн мэдээллийн сүлжээний идэвхтэн хэрэглэгчдийн төлөөлөл оролцож үүрэг, хариуцлага цаашдын алхмуудаа хэлэлцлээ.