Анагаахын шинжлэх ухааны их сургуулиаас Үндсэн мэргэшлийн буюу резиденсийн элсэлтийн шалгалтыг өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 2-нд авахаар зарласан. Гэвч сургуулийн удирдлагаас уг шалгалтыг цуцалсан ба энэ тухайгаа өчигдөр буюу шалгалт болохоос нэг хоногийн өмнө мэдэгдсэнд шалгалтад бэлтгэж байсан элсэгчид дургүйцэж байна.
Сургуулийн зүгээс "Эрүүл мэндийн яамнаас резиденсийн сургалтын хаврын улирлын элсэлтийн шалгалтыг цуцлах тухай шаардлагыг 2019 оны гуравдугаар сарын 01-нд ирүүлсэн тул 2019 оны гуравдугаар сарын 02-нд явагдах элсэлтийн шалгалт цуцлагдсан болохыг мэдэгдье" гэсэн тайлбар гаргажээ.
Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтын 2018-2019 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн элсэгчид хүний их эмч болон шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны чиглэлээр шалгалт өгөх байжээ.
Р.Хишигээ