Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ сарын 13-аас 15-нд Москва хотноо айлчлал хийжээ.
Айлчлалын хүрээнд ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлтийг нэмэх чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ Монгол, Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгуулах санал дэвшүүлсэн байна. Уулзалтаар Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах зорилгоор ОХУ-ын судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтрахаар талууд тохиров.
Түүнчлэн энэ онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, манай хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд оросын мэргэжилтнүүд чухал хувь нэмэр оруулсныг онцолжээ.