БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинийн айлчлал үргэлжилж өнөөдөр Франц Улсад үргэлжилж байна.
Тэрбээр гэргийн хамт Монакогийн хант улсад айлчилж, тус улсын төрийн тэргүүн ханхүү II Альберттай уулзсаныхаа дараа Францын нутагт хөл тавьсан юм.
Түүнчлэн Си Жиньпин өнгөрсөн бямба гаригт Итали Улсад айлчлах үеэрээ тус улсын эрх баригчидтай “Бүс ба зам” санаачлагын хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Ингэснээр Итали Улс “Бүс ба зам”-ын орнууд болон Транс-Европ хоорондын тээврийн сүлжээг хөгжүүлэх, боомт, гааль, усан тээвэр, тээвэр зуучлалын салбарт Европын талаас Хятадад дэмжлэг үзүүлэхээр болж байна. Мөн “Европын холбоо, Хятадын стратеги түншлэл- 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгаль орчин, боловсрол, соёл урлаг, сансар судлал, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хоёр орны Засгийн газар хоорондын нийт 19 санамж бичиг батлагдсан нь айлчлал урьд байгаагүй үр дүнтэй болсон гэж хоёр тал онцолжээ.
Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох аж.