"Элит Брайн" олон улсын шатрын академийн үүсгэн байгуулагч, олон улсын шатрын их мастер А.Энхтуулын санаачилгаар шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилттой "Яагаад шатар гэж?" багийн хамт олон Монголын хамгийн том шатрын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах аж.
Тус өдөрлөгийн хүрээнд олон улсын стандартын дагуу бүтээгдсэн "64 ухаалаг дэвтэр"-ийн нээлтийн баярыг тэмдэглэж, 2019 оны Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тэтгэлэгт тамирчдыг шалгаруулах юм.
Түүнчлэн "Яагаад шатар гэж?" өдөрлөг нь өсвөрийн шатарчдыг тэдний эцэг, эхчүүдийн хамт хөтөлбөртөө хамруулж, шатрын спортыг ойлгож үр хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийж буй ээж, аавуудад урам зориг хайрлах арга хэмжээ болохоороо онцлогтой юм байна.
Өдөрлөгийн үеэр оролцогчдод зориулсан олон төрлийн сонирхолтой сургалтууд болох гэнэ. Тухайлбал, Монгол Улсад шинэхэн төрөөд буй залуу их мастеруудтай өсвөрийн шатарчид маань тоглох боломжийг “Яагаад шатар гэж?” багийн хамт олноос олгоно.