
Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад олон жилийн нүүр үзэж буй. Уг асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Ашиглалтын шаардлага хангахаа больсон музейн барилгуудыг төрийн өмчийн газарт шилжүүлэх замаар дуудлага худалдаанд оруулж, олсон санхүүжилтээр нь шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна. Монголд музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектор байхгүй юм байна. Одоо
ашиглагдаж байгаа бүх музей, театрын барилгын зураг төслийг гаднын уран бүтээлчид хийсэн юм билээ. 1990 оноос хойш Монгол Улсад үндэсний хэмжээний театр, музей баригдаагүй. Тиймээс театр, музейн зургийг энэ жил бэлэн болгоод төсвөө тодорхой болгохоор зорьж байна” гэсэн юм.
Ашиглалтын шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн барилгыг БНСУ-ын Засгийн газрын тусламжаар барих мэдээлэл цацагдаж байсан. Гэвч энэ нь 100 хувь тусламжаар бус харин тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлээр барих асуудал байсан нь хожим тодорхой болсон юм. Тиймээс хөрөнгийн эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар өнөөг хүртэл ажил хэрэг болж чадахгүй байсаар зургаан жилийн нүүр үзээд буй. Тэгвэл салбарын сайдын хэлснээр 2019 ондоо багтаж, Байгалийн түүхийн музейн зураг төсөл бэлэн болох нь.
Хэрвээ ингэж чадвал УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай зэрэгцээд музейн барилга барих төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж магадгүй болох нь ээ.
Г.Алимаа

















































