ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын Английн Колумбын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол улсад анх удаа хоёр төрлийн мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Гэмтлийн гаралтай нүүрний VI мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийжээ. Ингэснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж, баруун нүд гадагш хөдлөхгүй байсан зургаан настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг болсон байна.
Мөн төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд анх удаагаа “Өнцөг нээх” мэс засал буюу гониотоми хийлгэсний дараа зургаан настай охины нүдний даралт буурчээ. ЭХЭМҮТ-ийн эмч нар Канад Улсын Колумбын их сургуулийн эмч нартай дээрх хагалгааг хамтарч хийснээр энэ төрлийн мэс ажилбарыг Монголд нутагшуулах бүрэн боломжтой болж байгаа юм байна.
ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ