Хан-Уул дүүргийн нутагт орших “Тод ганнам” эмнэлэгт 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаа хийлгэх үеэр хүндрэл гарч улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсний дараа нас баржээ.
Албан бус мэдээллээр мэс ажилбар хийгдэж байхад хохирогчын зүрх нь дийлэлгүй амь насаа алдсан гэсэн мэдээлэл байна.
Нийслэлийн Цагдаагийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад “2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгт 29 настай эмэгтэй гоо сайхны хагалгаанд орж байгаад ухаангүй болсон. Ингээд Улсын нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 1-ны харамсалтайгаар амиа алджээ. Энэ хэрэгийг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тухайн хагалгааны үед ямар алдаа дутагдал гарсан бэ гэдгийг урьдчилан хэлэх боломжгүй. Бидний хийж буй шалгалтын дараа тодорхой болно. Иргэд гоо сайхны гэлтгүй эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн чадамжийг сайн харах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд ч энд мөн анхаарч ажиллах ёстой” гэсэн юм.
Р.Хишиг