
Мэдээлэл, шуурхай удирдлагын 101, 102, 103 дугаараас иргэд рүү дуудлага хийх боломжтой болсон байна. Тус төвөөс яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй эргэж холбогдох зорилгоор 2011 оноос үүрэн холбооны оператор компанийн сүлжээндээ үнэгүй ярьдаг дугааруудыг ашиглаж эхэлжээ. Тус дугаарууд нь энгийн гар утасны дугаар тул иргэд рүү мэдээлэл авах зорилгоор залгахад үл итгэж, мэдээллээ өгөхгүй байх тохиолдлууд гардаг байсан аж. Иймд тус дугааруудаас дуудлага хийхэд иргэдийн утсанд тусгай дугаар /101, 102, 103/ болж харагдуулах боломжийг судлаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Ингэхдээ Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны дөрвөн оператор компанитай таван удаа уулзалт зохион байгуулж, судалгаа, шинжилгээ, туршилт хамтран хийсний дүнд 101, 102, 103 дугаараас иргэд рүү дуудлага хийх боломжтой болжээ.


















































