Одоогоос хэдхэн сарын өмнө “KFC”-ийн салбар хоолны газраас хооллосон иргэд “Shigella spp” нянгаар халдварласан болох нь тогтоогдсон билээ. Түүгээр зогсохгүй тус хоолны газрын ажилчид цусан суулга өвчин үүсгэгч нян тээж байсан нь шинжилгээгээр тогтоогдсон юм.
Тэгвэл үйлчлүүлэгчиддээ өвчин үүсгэгч нянгаар бэлэг барьдаг “KFC”-ийн Монгол дахь салбарын ажилтнууд Ази номхон далайн бүсийн шилдгүүдээр шалгарчээ.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Малайзын Куала Лампур хотод болсон “Champs challenge 2019- KFC” ур чадварын тэмцээнд Ази номхон далайн бүсийн 14 орны шилдгүүд оролцсон байна. Энэ үеэр Монгол дахь “KFC” салбарынхан шилдэгээр шалгарснаа сошиалаар цацсан нь иргэдийг тавлаж буйтай ялгаагүй зүйл болов.
Учир нь өвчин үүсгэгч нян тарааж, олон арван иргэнийг эрүүл мэндээр нь хохироосон атлаа тэдний хохирлыг хэрхэн барагдуулсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байсаар байна. Наанадаж л тус хоолны газрын Монголд үйл ажиллагаа явуулах эрхийг эзэмшигч “Таван богд групп”-ийн удирдлагууд үүнд тулхтай хариу өгөөгүй.
Гэсэн атлаа Ази номхон далайн бүсийн шилдгээр шалгарлаа гэж хөөрөхөөсөө ичмээр юм.
Тиймээс нянгаар хачирласан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэггүй болчихоод шилдэгээр шалгарлаа гэж сагсуур гэж “KFC” хоолны газрынханд хандаж хэлье. Нөгөөтэйгүүр, цусан суулга өвчин үүсгэгч нян тээгч ажилтантайг чинь олон нийт мартаагүй байхад энэ шагналаасаа ичих хэрэгтэй гэдгийг “Таван богд групп”-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханд хандаж хэлье.
Г.Алимаа
Сэтгэгдэл (8)