Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрэн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаа талаар Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн юм. Мөн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлов.
Хоёр улс ялангуяа хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж байгааг БНХАУ-ын НАХЯ-ны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэмдэглэв.
Цаашид яамдын удирдлагуудын харилцан айлчлалын давтамжийг хадгалах, гэмт хэрэгтэй тэмцэх, мэдээлэл солилцох, хил орчмын хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллахаа илэрхийлжээ.