Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан амиа алдсан.
Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд хотын дарга С.Амарсайхан өчигдөр 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.
Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан “Үйлдвэрлэлийн ослын үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, анд нөхдийнхөө төлөө эцсийн мөчөө хүртэл амь хайрлалгүй зүтгэсэн эрэлхэг зоригтой, чин халуун сэтгэлтэй талийгаачдынхаа ар гэрийнхэнд дахин эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн босгон дээр нийслэлийн удирдлагууд Та бүхэнд амласныхаа дагуу орон сууцны асуудлыг шийдлээ. Цаашид ч Та бүхэнтэй холбоотой байж, үр хүүхдүүдийг тань сурч хүмүүжих боломж нөхцөлөөр хангана гэсэн амлалтаа биелүүлнэ. Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой, хүнлэг сэтгэлтэй сайн хүн болгон өсгөж, аавуудынх нь хүсэл мөрөөдлийг биелүүлээрэй хэмээн хань ижил, ахан дүүс, гэр бүлийнхнээс нь хүсье” гэжээ.
Мөн талийгаачдын ар гэрийнхэнд хуулийн дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өнөөдөр олгохоор болжээ.