Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1168 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 865 дуудлагыг шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 24 хүн гэмтэж, орон нутагт ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарчээ.
Тухайлбал, энэ сарын 27-ны өдрийн 14.30 минутын орчим Баянгол дүүргийн нутаг XI хороо Эх нялхсын эмнэлгийн гарцанд дээр гарцаар гарч явахад нь Toyota Spacio маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 57 настай А, зургаан настай Б, таван настай А нарын гурван хүнийг мөргөж гэмтээжээ. Мөн энэ сарын 28-ны өдрийн 01.00 цагт Булган аймгийн Хутаг-Өндөр сум Тээл баг “Хүйтний гүүр” гэх газар асфальтан замд амины Toyota Prius-10 маркийн автомашин онхолдож, зорчигч 19 настай Г амь насаа алджээ.
Түүнчлэн гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 160 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочид баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ.