Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нам даралтын болон халаалтын зуухнуудын ашиглалт, үйл ажиллагааг хариуцсан байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн энэ оны тавдугаар сарын 20-ний өдрийн хуралдаанаас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 16-100 квт/цаг хүчин чадалтай 2397 ширхэг нам даралтын зуух, 100 квт/цаг дээш хүчин чадалтай 451 ширхэг халаалтын зуухнуудын ашиглалт, үйл ажиллагааг бодлогын түвшинд шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт хариуцуулсан.
Ажлын хэсэг өчигдөр халаалтын зуухнуудын үйл ажиллагаа, ашиглалтыг хариуцсан эзэдтэй уулзаж харилцан санал солилцож тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудаар санал солилцлоо. Уулзалтад 197 аж ахуйн нэгжийн удирдлага оролцсон бөгөөд цаашид бүх халаалтын зуухны эздийг хүлээн авч уулзах юм. Уулзалтын үеэр байгууллагуудаас судалгаа авч санал сэтгэгдлийг сонсоход дийлэнх байгууллагууд төвлөрсөн дулаанд холбогдох боломж, дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт зэрэг асуудлуудыг тавьсан аж.