ИБНАУ-д явагдаж байгаа “НАТО”-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнийг өнөөдөр Төрийн дээд одон медаль болон Батлан хамгаалах салбарын медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, сургагч ахлагч З.Эрхэмбаяр, “Цэргийн хүндэт медаль”-аар тус цэргийн багийн захирагч, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Даваа-Очир, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Байр зүйн хөдөлгөөнт тасгийн дарга, хошууч Б.Хулангоо, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Эрдэнэчимэг нарын таван цэргийн алба хаагч, “Энхийн төлөө” медалиар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн дэд ахлагч М.Даваа-Очир нарын 44 цэргийн алба хаагч энгэрээ мялаалгасан бол Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Зэвсэгт хүчний ХЗЦК-ын хурандаа Ж.Мөнхбадрах, БХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ажиллагааны ахлагч, тэргүүн ахлагч Ц.Ренчиндорж нарын алба хаагчдыг шагналаа.
Дэд хурандаа Б.Даваа-Очир “Монгол Улсын төр засаг, энхийн үйлсэд хүчин зүтгэж, төр түмнийхээ итгэл найдвар, эх орныхоо захиас даалгаврыг нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагч дайчдын маань хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Төрийн одон медалиар шагнаж байгаад энхийг сахиулагчдынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэв”.