Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүнд зориулсан асаргааны үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, асрагч, асруулагчид тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг сонсох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилготой "Асаргааны хэрэгцээ ба шийдэл" хэлэлцүүлэг энэ сарын 24-нд болно. Уг хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “АДРА Монгол” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулна. Хэлэлцүүлгээр нийгмийн халамж, асрамжийн талаар төрөөс баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэж, БНСУ-ын асаргааны тогтолцооны тухай туршлага хуваалцах юм. Мөн нийслэлийн гурван дүүргийн 60 өрх, нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, асаргааны үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын дунд явуулсан асаргааны хэрэгцээний тандалт судалгааны үр дүн, "Улаанбаатар хотын зорилтот бүлэгт чиглэсэн асаргааны үйлчилгээг хөгжүүлэх" төслийн үзэл баримтлалыг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдоос санал авна. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Монголын ахмадын холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо зэрэг төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, АДРА Солонгос зэрэг олон улсын байгууллага, асаргааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж буй хүн, тэдгээрийн асрагчид оролцоно.