Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Эрхсаран” сувиллын газарт сувилуулж байсан, Увс аймгийн харьяат 68 настай Б нь өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдрийн 05.30 цагийн орчим гараад сураггүй болжээ. Сураггүй алга болсон дуудлага тухайн өдрийн 23.26 цагт онцгой байдлын албанд ирсэн байна.
Эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулан явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр түр зогсоожээ.
Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж, энэ сарын 3-ны өдөр “Эрх саран” сувиллаас “Шувуун фабрик” хүртэл 15 км-т явганаар голын салаа бүрээр явж хайсан байна.
Энэ үеэр голд унасан зараа модыг уснаас гарган цэвэрлэж, “Туул” голоор 10 км-т урсаж, 4 метрийн гүнд таван удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:20 цагт зогсоожээ. Өнөөдөр эрлийн ажиллагаа үргэлжилж байна.