Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, амьдралд нь дэмжлэг болохуйц ажил арга хэмжээг үе шаттай зохион байгуулах” үйл ажиллагааны хүрээнд төрөхийн хүндрэлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон Б.Гэрэлт-Од хүүг сонгон тус хүрээлэнгийн албан хаагчид “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгуулсан юм.
Б.Гэрэлт-Од хүү төрөхийн хүндрэлээс шалтгаалсан тархины саажилт, усжилттай. Үүний улмаас 7 настай атлаа 2 настай хүүхэд шиг балчир биетэй. Дээр нь хоол тэжээлийн дутагдалд орсон. Таталт өгдөг учир таталтын эсрэг эмийг тогтмол хэрэглэдэг. Хэвтэрт байдаг учраас хөдөлгөөний дутагдалд орсон учир Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байнга хэвтэн эмчлүүлдэг байна.
Хүүгийн ээж багад нь орхиод явсан учир эцгээс нь өөр асрах хүнгүй. Эцэг нь ажил хийх боломжгүйн улмаас амьдралын түвшин хүнд нөхцөлтэй. Улсаас олгодог халамжийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг. Энэхүү гэр бүлийг “фэйсбүүк” цахим хуудаснаас сонгон хандивын аяныг өрнүүлэн явуулсны үндсэн дээр хүүгийн эцэг Г.Батхуяг болон Б.Гэрэлт-Од хүүд нийт цугласан 2.812.000 төгрөгийн мөнгөн тусламжийг эмчилгээний зардалд нь зориулан өнөөдөр хандивлан өглөө.
Сэтгэгдэл (2)