Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, GIZ Германы хамтын ажиллагааны байгууллага хамтран “Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1077 ширхэг блок угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэл хийх төсөл”-ийг Үндэсний онцлогтой хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-Фасилити-д хүргүүлсэн.
Нэгдүгээр шатны шалгаруулалтад 76 улсаас эхний долоон улсын төслийг сонгон авсан бөгөөд манай төсөл амжилттай шалгарсан билээ.
Энэ сарын 22-оос 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Нама фасилити” төслийн багийн төлөөлөгчид хоёрдугаар шатны шалгаруулалтын үнэлгээг хийхээр ирж үндсэн төсөл хэрэгжүүлэгч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн зэрэг албан тушаалтнуудтай уулзалт хийж талуудын оролцоо, төслийн явц, үр өгөөж, дулааны үнэ, техник эдийн засгийн үзүүлэлт, эрчим хүчний аудит, батлагдсан зураг төсөвтэй танилцан төслийг цаг үеэ олсон суурь судалгаа сайн хийгдсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.
Уг төсөл шалгарсан нөхцөлд Үндэсний онцлогтой хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-Фасилитийн сангаас 18.0 сая еврогийн буцалтгүй тусламж авах боломж бүрдэх юм.