Энэ сарын 5-ны өдрийн 14.31 цагт Орхон аймгийн Цагдаагийн жижүүрийн утсанд “Манай дарга ажлын өрөөндөө нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад тус аймгийн Цэргийн штабын дарга Б ажлын байран дээрээ нас барсан нөхцөл байдал тогтоогдож, тухайн хэргийн шалгаант нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Түүнчлэн энэ сарын 4-ний өдөр Архангай аймгийн Өгий нуур суманд гэр бүлээрээ амарч зугаалж байсан иргэд галд өртөж шатсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад 3-75 насны 15 хүн Булган аймгаас нийслэлийн Найлах дүүрэг руу зорчиж явах замдаа тус суманд буудалласан байжээ. Энэ хугацаанд ахуйн хэрэглээний газнаас гал алдаж, бензин хийж шатсан гэсэн нөхцөл байдал тогтоогдсон тухай ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн ахмад М.Мөнхшүр хэлж байна.
Хэргийн газарт гурван настай хүүхэд газар дээрээ амиа алджээ. Мөн гэмтэж, бэртсэн есөн хүнийг ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Иймд иргэд аялал зугаалгаар явж байхдаа ахуй хэрэглээний газыг зөв хэрэглэх, тээвэрлэх, осол гэмтлээс болгоомжлохыг анхааруулж байна.
Урьдчилсан байдлаар тухайн хүмүүс хүүхдүүдээ цай чанах усанд явуулсан. Энэ хугацаанд хүүхдүүд амралтын газар ус хайж яваад тус газар байсан шар савнаас шингэн зүйл хийж аваачжээ. Энэ нь шатахуун байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа юм байна. Хэрэв уг нөхцөл байдал тогтоогдвол тухайн амралтын газар ямар зориулалтаар шатах бодисыг ил задгай хадгалж байсан гэдэг асуудалд хариуцлага тооцно гэв.
Б.Лхам