Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, БСШУС-ын салбарт хамаарах дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын болон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орох юм байна. Ингэснээр сургуулийн суудлын хүчин чадал 21420, цэцэрлэгийн ор 13140-өөр нэмэгдэх аж.
Түүнчлэн Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Мөн Үндэсний урлагийн их театрын цогцолбор барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар судалж шийдвэрлэхээр тогтлоо.