Энэ онд улсын хэмжээнд нийт 48 сургууль,93 цэцэрлэг ашиглалтад орно. Харин ирэх онд 68 сургууль, 42 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэ онд ашиглалтад орох цэцэрлэг, сургуулийн байршлаас таницуулъя. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн сургууль, 14 цэцэрлэг шинээр ашиглалтад орох бол таван цэцэрлэг, зургаан сургуульд өргөтгөлийн ажил хийгдэж байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг өргөтгөл барих замаар асуудлыг шийдэхээр шат дараатай ажиллаж байна. Харин гол тулгарч байгаа асуудал нь газар байна. Тиймээс тодорхой хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах ажлыг зохион байгуулж байна. Мөн хоёрдугаар хороонд байрлах сургуулийн газар худалдан авах ажил удааширснаас энэ жил ашиглалтад орох боломжгүй болоод байна. Уг нь уг сургууль ашиглалтад орсон бол 480 гаруй хүүхдийг хамруулах боломжтой байсан юм. Манай дүүрэгт сургууль, цэцэрлэгийн насны 30 мянган хүүхэд бий. Үүнээс 20 мянга орчим нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Харин шинээр сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлснээр 5000 хүүхдийг хамруулах боломж бүрдэнэ” гэлээ.