Энэ сарын 25-ны өдөр Швейцарь Улсын Женев хотноо болсон Швейцарийн Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло мастерс аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол соёл ахуйг сурталчлав.
Уг тэмцээн нь 30 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентин, Герман, Бельги, Швейцарь, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцов.
Энэ жилийн тэмцээнийг Швейцарийн бусад муж болон олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр үзэж сонирхсон бөгөөд тэд монгол гэрт зочилж, монголчуудын адуу маллах өв соёлтой танилцлаа. Ялангуяа, Монгол гэрийн өвөрмөц бүтэц, уран байдал нь хүүхэд, залуучуудын сонирхлыг ихээхэн татав.